THE SKYBLUE OCEAN

(from The Book of India)



How can I forget your skyblue ocean?


How can I forget the silent and beauteous Buddha?


How can I forget the eyes of melancholy stones?


How can I forget the unshod Tamils?


How can I forget a temple with a golden roof?


How can I forget the love of small children, holding out their hands?


How can I forget the girls with their callouses and shining eyes?


How can I forget sneaking a look at their naked breasts?


How can I forget what I saw in the raging velvet of the blue ocean?


How can I forget the huge white elephants, their legs in chains?


How can I forget enjoying the milk from split coconuts?


How can I forget a life in the glance of a single elder sister?


How can I forget the skyblue ocean?


How can I forget the fishing boats, fading away into white?


How can I forget the thought of spending my life with them in song?


How can I forget pouring water by the round moon, o goddess, yearning to reach you?


Бичиж, туурвисаар л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа





-Гадаа хавар болоод сайхан байна. Хvн амьтны сэтгэл тэнийсэн энэ улиралд таны уран бvтээл ундардаг уу, Аль эсвэл арай єєр vv?

-Дєрвєн цаг гэдэг байгалийн vзэсгэлэнтэй энэ шилтгээг хvмvvн бидний vнэт хєдєлгvvр гэж боддог. Тэр дундаа хавар миний хувьд “дотоод дуун алдалт”-ын улирал байдаг юм. Хаврын намирсан зєєлєн єд¬рvvдэд дотооддоо бодол бодох л сайхан байдаг даа. Би яруу найргийн ертєнцийн хаалгыг татаад 20 дахь хавартайгаа учирлаа. Тийм болохоор урьд урьдынхаас илvv анир гvмхэн суух хавар юм шиг л санагдаж байна.
-20 жилийн ємнєх дэвэргэн vеэ эргээд нэг дурсвал?-Залуу vеэ эргээд санахаар цаг хугацаа ямар богино, амархан єнгєрдєг юм бэ гэж єєрийн эрхгvй боддог. Миний бvсгvй хvний тухай єгvvлсэн шvлэг гуниглангуй єнгє аястай байдаг. Надад тэр тусмаа эрэгтэй хvний зvрхэнд бvсгvй хvний гоо vзэсгэлэн євдєлт єгч чаддаг гэж боддог. Гэхдээ тэр vед бvр илvv шvv дээ. Товчхондоо ийм л байна даа.
-Яруу найрагч Ц.Бавуудоржийн дотоод сэтгэлд яг одоо ямар шинэ санаа, бодол лугшиж байна?
-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгvй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нєхєр vнэн дvр, мєн чанараараа болор шиг гэрэлтэж байна даа. Vvнээс илvv шилдэг дvр тєрх, шидтэй санаа оноо надад хэрэггvй. Тус ч болохгvй гэдгийг зєн билэгтэй мэдэрч сууна.
-Утга зохиолын ертєнцєд 20 жилийг vдэж. Энэ хугацаанд таны vнэн дvр, мєн чанар ганхаж байв уу?-Vгvй ээ. Цаашид ч ганхахгvй л гэж боддог. Туулсан замаа эргэн хараад дахиад зvтгэх хангалттай цаг хугацаа, орон зай байгааг мэдрэх бас сайхан л байна. Анхны шvлгээ тэрлэснээс хойшх мэдрэмжээрээ бvтээсэн хэдэн ном минь энэ хугацааны vнэ цэнийг тодорхойлох болов уу. 8-9 ном бий. Мєн англи,испани хэл дээр гурван ч ном минь орчуулагджээ. Энэ бvхнээс харахад дэлхийн хvн тєрєлхтєнтэй холбогдох мєнгєлєг утасны vзvvрийг сvвлээд авч амжсан ч юм шиг санагддаг шvv.
-Энэ жилийн “Болор цом” наадмын шvvгчээр ажилласан. Энэ наадмын чанар чансааг муулж ярих хvн болон байна?-“Болор цом” яахав дээ. Утга соёлын нэг багахан чуулган шvv дээ. Иймэрхvv яруу найргийн чуулган байж байхад илvvдэхгvй л болов уу. Элдэв яриа хєєрєє гардаг л юм. Тийм ярианд чихээ дэвсээд явах биш. Надад мэдэх юм алга. Одоо бид “Монгол” гэсэн тодотголтой бvхнээ алдаж асгаж явна даа. Энэ цаг vед яруу найргаар амьсгалаад сэтгэлээ ариусгахдаа дургvйцдэг юмаа гэхэд ядаж тэр наадмаар уран тансаг монгол хэлээ сэргээгээд сонсчихдог байг л дээ. Єнєєдрийн монголчууд эх хэлээ таг мартсан байхаасаа ч сийхгvй салан задгай явна шvv дээ. Тийм болохоор “Болор цом”-д нэг их санаа зовоод яах вэ. Тэгснээс тєрсєн нутгийнхаа бор толгодыг хятадуудад хvрздvvлчихгvй юм сан гэдэгт л санаагаа зовоох хэрэгтэй шvv дээ.
-Та “Болор цом”-ын тайзнаа шvлгээ сойх уу?-Уншилгvй яахав. Сэтгэлээсээ бичсэн шvлгийг минь таашаан хvлээж суудаг уншигчид цєєнгvй бий шvv. Тэднийхээ хvлээлтийн орон зайд шvлгэн цэцгээ шидэхгvй бол юм болох вэ. Уншигчид миний уран бvтээлээс Отгонтэнгэрийн арцаар ариулсан юм шиг ариусдаг, вансэмбэрvv цэцгийн vр шиг цэцэглэж чаддаг юм шvv. Яруу найргийн нандин авьяас мэдрэмжийг эртэй сайндаа би єєртєє бий болгоогvй. Монголын хєх тэнгэр, нар сарны надад єгсєн бэлэг. Тийм болохоор энэ чавхдасыг хєглєн дуугаргасаар байх “зарлиг” зvрхний минь гvнээс ундардаг гэх vv дээ. Бичиж, туурвисаар байгаад л єєрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа.
-Амар амгалангийн ай цуурай бол таны нэрийн хуудас. Бас “Монголын их амар амгалан” гэсэн шvлэг тань байдаг. Яг одоо та амар амгалан бодож сэтгэж чадаж байна уу?-Монголчуудын нэгэн гайхамшигт чанар бол бэлгэдэл. Бэлгэдлээр орчлон хорвоогийнхоо харыг цайруулж, єргєсийг зєєллєж, харцыг номхруулж ирсэн. Магадгvй нvvдэлчин ард тvмэнд л оногдсон тэнгэр хурмастын хувь байх гэж боддог юм. Миний “Монголын их амар амгалан” шvлэг бол энэхvv монгол бэлгэдлийн vр уурхайг хадгалсан тийм л шvлэг шиг санагддаг. Ийм шvлгийг надад илгээсэн тэр цаг хугацаанд би бишрэн мєргємєєр санагддаг шvv. Амар амгалан гэдэг vнэ цэнэтэй зvйл. Монгол ч гэлтгvй дэлхий ертєнц маань уурссан арслангийн зулзага шиг л тєсєєлєгдєх юм байна шvv дээ. Гэхдээ би амар амгалангийн тухай хvvрнэсэн шvлгэндээ их хайртай. Иймэрхvv таалалтай яваа хvн чинь амар амгалан амьдралгvй яахав ээ, тийм vv.
-Яруу найрагчид хааяа хааяахан зоригоо чангалсан байгаа харагддаг. Таны хувьд шvлэг зохиох гэж сархад хvртэж байв уу?
-Сархад хvртэх соёлтой арга хэлбэрийг эзэмшсэн гэж зохиолч, найрагч нєхдєє хvндэлдэг юм. Тэднийхээ нэг нь гэж єєрийгєє бас дєвийлгєж бодно. Гэхдээ онгодоо оруулах гэж сархад хvртдэг гэх хуучны vгийг зєвшєєрдєггvй. Миний хувьд хамгийн цэвэр тунгалаг, хамгийн гэрэлтсэн vедээ л шvлгийн санаа оноог цулбуурдаж авдаг даа.
-Одоо хvн бvхэн л улс тєр яриад байна. Яруу найрагчид ч гэсэн тэгэх ёстой юу. Уран бvтээлээ ч гэсэн тэр зvгт хандуулах ёстой юм болов уу?-Уран бvтээлчид тэр дундаа vе vеийн зохиолч, яруу найрагчид ямагт энэ эх орны тархи нь ,зvрх нь, алгадах алга нь, тосоод энхрийлэх гар нь болсоор ирсэн. Одоо ч тийм байгаа гэдэгт эргэлзэхгvй байна. Тийм болохоор улс тєр, соёл тvvх гэдэг зvйлийг салгаж ойлгох боломж байхгvй гэж боддог. Иймээс зохиолч найрагч бvхэн улс тєрч, эх оронч байхгvй бол болохгvй.
-Тэгэхээр сайхан сайхан, хэцvv бэрхийн аль алингаар нь л дуугардаг хvмvvс байх нь ээ?
-Уран бvтээлчдийг зєвхєн дотоод ертєнцдєє амьдардаг хувьчхан амьтас мэтээр єнгєц харж болохгvй л дээ. Ухаандаа эх орны торгон хил хязгаарыг цэрэг эрс буу бариад манадаг бол бичиг номын ажил эрхэлдэг бид vзгээ бариад vндэснийхээ хэл соёл, билиг оюуны хил хязгаарыг манаж тусгаар тогтнолын тєлєєнєє цаг агшин болгонд сэрэмж алдахгvй зогсож байх жишээтэй л юм л даа.
-Сvvлийн vед таниас бухимдалтай шvлэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг vv?-Надад заяасан мэдрэмж бол уянгын аястай, дорнын агуулгатай vндсэн хєг аялгуутай юм шиг санагддаг юм. Энэ хорин жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бvтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шvлгээр илэрхийлэх боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх vv дээ. Харин ч гэгээлэг єнгєєр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх байх даа.
-Яруу найрагчид жаахан нас тогтоод ирэхээрээ vргэлжилсэн vгийн зохиол руу ордог шиг санагддаг. Таны хувьд тийм цаг хугацаа арай болоогvй л байх даа?
-Уран бvтээлч бvхэнд єгєгдєн байгалийн мэдрэмж авьяас цар нь янз янз байдаг биз. Миний хувьд бол яруу найргийн энэ ертєнцєд уянгын шvлгээр хаалгыг нь тогшиж, орж ирсэн. Гарахдаа ч тийм л бvтээлээр хаалгыг нь хааж цvvлээд чимээгvйхэн гарах ёстой хvн гэж боддог юм. Тэгэхээр яруу найрагт vнэнч байх гэсэн ийм л их єндєр найдвар тавьдаг хvн дээ би.

Бөхөн шарын нуруу

АЯ: Т.Сэр-Од

ҮГ: Ц.БАВУУДОРЖ

ДУУЧИН: Ц.ТҮВШИНТӨГС

Асар тэнгэрийн хаалган дээр

Асар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү бариад
Алтан тэр л дэнлүүний гэрэлд үзвэл
Өндөр цагаан үүл хөлөглөсөн
Өвгөд ирж байна
Сүүний үнэр нь ч арилаагүй хөөрхөн амьтан
Сүн далайг гатлан мөлхсөөр ирж байна
Тоолж уншсан тарнийнхаа чадлаар
Тохойн чинээхэн болж биеээ хураасан хувраг хүн
Завилаагаараа ниссээр ирж л байна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Хорин нэгэн хүүхэн бурханд хөтлүүлсэн
Хосгүй тунгалаг нүдтэн ирж байна
Алаг замилангаас хагацсан ч гуниггүй
Ариун гэнэн сэтгэлтэн
Цэлийтэл хаалгыг нээчихээд гайхшран зогсож л байна
Ээжийнхээ өмнөөс ирсэн үр
Үрийнхээ өмнөөс ирсэн ээж
Өндөр гэгч нь санаа алдаад орж л явна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Аяаар зөөлөн савах тэр л хаалга чихрах бүртээ
Амьдын улаан бөмбөрцөгний
Амьсгалын тоог хулгайлж байна
Мөнх бусын алтан мөнгөн загас
Түүний дотор
Мөнх юм шиг
Дураар амгалан цэнгэж л байна
Асар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү барихад...

Гэтлэхгүйн цэнхэр хязгаар

Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Эсгий үнэг намайг нулимстай дагадаг
Хүрэл тарнис нулимстай дагадаг
Хөх хөх аргалын гал нулимстай дагадаг
Тооно дээрх сарны туулай намайг нулимстай дагадаг
Тогоотой сүү нулимстай дагадаг
Гүргэмийн үнэр намайг нулимстай дагадаг
Гүйж яваа адуу хүртэл нулимстай дагадаг
Нүүдэлчний цариг нулимстай дагадаг
Нүдний нулимс дагадаг
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Амар амгалан намайг нулимстай дагадаг
Авдрын арслан нулимстай дагадаг
Бор газар намайг нулимстай дагадаг
Бор цус минь нулимстай дагадаг
Хөхрөгч намайг нулимстай дагадаг
Хөх өвсөн дээр дугуйлсан
Хана намайг нулимстай дагадаг
Энэ цэнхэр дорноос цааш би явахгүй
Энэ миний мөхдөлгүйн цэнхэр асар
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Энэ миний гэтлэхгүйн цэнхэр хязгаар аа...

Mонголын яруу найрагч дэлхийн шагнал хvртжээ.


Дэлхийн яруу найргийн ХХХ их хурал саяхан Тайвань улсад болсон билээ. Дэлхийн 40-д орны 500-гаад яруу найрагч
оролцсон тус их чуулганы хаалтын ёслол үзэсгэлэнт Номхон далайн хөвөөн дэхь Хуйлан хотын Буяныг дэлгэрүүлэгч уулын Соёлын төвд болсон гэнэ. Тус ёслол дээр Дэлхийн урлаг соёлын академи, Дэлхийн яруу найргийн их хурлын ерөнхийлөгч Францын яруу найрагч, доктор Маурус Янг Монголын яруу найрагч Ц.Бавуудоржид “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” /For poetic excellent/ алтан медаль, диплом гардуулж баяр хүргэсэн байна. Ц.Бавуудорж сүүлийн таван жил Дэлхийн яруу найргийн их чуулганд оролцож, бүтээлээ танилцуулж буй аж. Яруу найрагч Ц.Бавуудоржийн “A very big white elephant”, “When humans become grass”, “Eastern poems” зэрэг номууд нь англи хэл дээр “Un ojo en la palma de mi mano” ном нь испани хэл дээр орчуулагдсан юм. Ц.Бавуудоржийн шүлгүүд Харвардын их сургуулиас эрхлэн гаргадаг “The Harbard Advocete” сэтгүүл, “Орчин үеийн Азийн яруу найраг”, “The best American poetry” зэрэг дэлхийн нэр хүндтэй нөлөө бүхий сэтгүүл, антологит олонтаа хэвлэгдсэн.Дэлхийн урлаг соёлын академиас хүн төрөлхтний яруу найрагт шинэ залуу, онцгой яруу найргийг олж илрүүлэх хөтөлбөрийг дэвшүүлж байсан бол өдгөө авъяаслаг, ирээдүйтэй яруу найрагчаар Монголын яруу найрагч Ц.Бавуудорж, Хятадын яруу найрагч Вэй Та, Унгарын яруу найрагч Иштван Турци зэрэг таван яруу найрагчийг нэрлэжээ.Ийнхүү Отгонтэнгэрийн хүү Ц.Бавуудоржийн яруу найраг дэлхийн сонорыг мялааж Монголын яруу найргийн шинэ залуу үеийнхний дуу хоолойг дуурсгаж эхэлснийг энэ шагнал илтгэн харууллаа.

Уянга

Хэзээ эртэд намайг догдлуусан
Алтан шаргал намар
Борооны үнэртэйгээ
Борог өвстэйгээ
Цагаан манантайгаа
Цангинасан ододтойгоо
Дахиад ирэх чинь..
Санамаар харц олныг үдэж
Сайхан сар олныг өнгөрөөсөн ч
Тэгж навчис нь улаарсан
Тэр намар шиг нь хэзээ л билээ
Ягаахан сараа тэргүүн дээр минь духдуулж
Цагаахан шүхрээ дээр минь дэлгэжээ
Энэ гоёмсог намар..
Тэгэвч би

Санаж явсан чамтай

Ягаан цув, задгай тавьсан үс чинь
Мөнөөх л янзаараа
Ялдам сарны дор дэрвэлзсэн
Харц чинь хэвээрээ... Гэвч
Зүүн талд чинь чиний зүр шиг дагасан
Тэр залуу харин
Надтай огтхон ч төсгүй юм
Зүрх нь бас тийм л байгаа даа
Тийм сайхан сар
Тэр гайхам дарсыг
Мартаж чахин чадаав...
Тэгэхдээ бүр миний
Догдлонгуй халуун тэврэлттэй шүү.

Мөнгөн гэгээвчээр

Сарнаас бусдад нээгээгүй
Болор сав минь бэхнийх
Самбайт овоон дээр цайраагүй
Хүлгийн тэргүүн минь шүлгийнх
Бурхдын шүншигт дутаагүй
Хөх арц минь Цастынх
Бусдын өвөрт өсгөөгүй
Гал араншин минь цусных
Замын догшдод булаалгаагүй
Бурханч совин минь тэнгэрийнх
Замбутивийн зовлонд дасгаагүй
Танхи билэг минь идрийнх
Орчлонгийн хүслээр задраагүй
Гуа цэцэг минь тарнийнх
Одоо л харин шилтгээний минь
Мөнгөн гэгээвчээр сэтгэл минь...

Дөрвөн улирал

.
Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ
Хөхөлбөр орчлонгийн уулсын дунд
Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо
Өвлийн цас заамаар урсахаар
Өвснөөс өөрцгүй тансагаа мэдэрдэг дээ
Өлмий мялаасан аригхан өнгийг
Өндгөөрөө тэмтэрч нэгийг бодохсон доо
Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа
Хөдөөгийн улбар сарны гэгээнд
Хөлөрсөн алгаараа цэцэг аргадахсан даа
Зуны үдэш шувуудын жиргээн дунд
Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг даа
Ганцхан учралт энэ л насаараа
Нүцгэн хөлөөрөө шүүдэр адислахсан даа
.
.

ХАВРЫН АНИР

.
Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно

PS-1: Энэ шүлэгтэй арван хэдхэн насандаа учирч билээ... 1999 оны үед бичсэн шүлэг гэж сонссон санагдана, надад бол түүнээс ч өмнө мэт л санагдах юм... Яг л түүн шиг тэр нэг "гэгэлгэн он жилүүдийн хэлж ирээгүй хагацалд цээжээ зуруулчихаад гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншиндаа" санааширч суухдаа Бавуудорж ахын энэ шүлгийг олж уншчихаад уйлж уужирч байсансан...
Түүний анхны шүлгүүдтэй Жоконда, "Арвын А-ийн охин ээж болж гэнээ ахиад би хичнээн жил хүлээх юм бэ?" ч юм уу "Намрын борооноор цувгүй алхахдаа навчнаас дутуугүй гуниг тээдэг".... нартай бас анхны хоёр /Гүмүда, Бүгээн анир/ жижигхэн хэвлүүлсэн номуудтай нь хамт хоноод үүр цайлгадаг байсан цаг саяхан мэт... Харин би одоо тэр номуудаа дахин хайсан ч олдсонгүй, хуучин номын сангаас минь нүүдлээр ч юмуу ийш тийшээ ороод үрэгдэв үү эсвэл хэн нэгний "гар"-т ороод алга болсон юм болов уу... Тэр номуудыг байвал одоо ч шинээрээ мэт санагдах олон гоё шүлгүүдийг энд оруулахсан.
.
.
PS-2: Түүний шүлэг бүтээлүүдээр блог хийгээтэх гэж хэн нэгэн надад хэлсэнгүй, санамсаргүй юм гэж байдаггүй гэдэг билүү... энэ насны минь ч юмуу эсвэл өмнөх насанд минь ямар нэгэн тавилан тохиол, учир сэжим байсан юм байлгүй нэг л өдөр гэнэтхэн яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгүүдийг уншдаг надтай адилхан нэгээхэн боловч уншигч энэ дэлхийн хаа нэгтээ байх юм бол түүнд зориулан хязгаар үзүүргүй энэ интернет орон зайд надад олдохын хирээр түүний бүтээлээс цуглуулан хэдийгээр түүний шүлгүүд монгол төдийгүй англи, испани, япон хэл дээр хүртэл хэвлэгдэн ном түүвэр болсон нь байдаг ч түүний хажуугаар цахим ном болгохоор энэ блогийг нээсэн юм. Яруу найрагч өөрөө дуртай эсвэл дургүй ч байсан байж болох... Магадгүй би Монголдоо байсан бол өдөр бүр энэ блогийг түүний шүлэг, бүтээл, зураг хөрөг, ярилцлага, нийтлэл, дурсамж, мэдээ гээд юу байдгаар дүүргэх байсан биз, харамсалтай нь надад тийм материал тэр бүр хүний нутгаас олддоггүй юм. Гэвч дээр хэлсэнчлэн энэ дэлхийн хаа нэгтээ Ц.Бавуудоржийн яруу найргийг хайрлан сонсдог нэгээхэн боловч хүн байх аваас /мэдээж үй олноороо бий гэдэгт итгэнэ/ би түүнд зориулан бас өөртөө зориулан түүний шинэ номуудыг Монголоос захиулан байж худалдан аваад шүлэг бүтээлээс нь оруулж байх болно. Үүнээс гадна түүний өөрийнх нь хөтөлдөг English дээр блогийн холбоосыг энд орууллаа.
.
.
PS-3: Яруу найрагч Ц.Бавуудоржийг магтагсад бас шүүмжлэгсэд ч байх. Би тэдний аль нь ч биш юм. Бас Цаст Очирваанийн энгэрт цаашилбал Сайхан багийн нутаг Уртын гол хэмээх нэгэн голоос гарвалтай хэмээн нутгархах нь ч бас хэт илүүц ажил биз. Миний бие түүнтэй нэг нутгийнх гэхээсээ илүү би өөрөө өөрийгөө хутагт хувилгаадын орон болох Хангайн сайхан нутагт Очирваань бурхны дүр Отгонтэнгэр уулын өвөр энгэрт төрснөө л туйлын их ховорхон хувь заяа хэмээн сүсэглэж бахархаж явдаг юм. Тэгэхлээр түүний шүлгүүдээр энэ бяцхан цахим хуудсыг нээсний минь бас нэгэн шалтгаан нь нутгархах хийрхэл биш зөвхөн Бавуудорж хэмээх хүний бичсэн шүлгүүдээр дамжин "их зөөлөн, өр нимгэн тэрхүү эмзэг нимгэн өр нь цаг ямагт дотогшоо сэмэрч явдаг бүсгүй хүн шиг гэгээн, тийм зөөлөн нэг хүнийг олж хайрласан минь билээ. " /Тэр хүн нь Бавуудорж ах ч юмуу эсвэл биш ч байж мэднэ./
Ийм болохоор л би түүний шүлгүүдийг уншин яруу найргийнх нь өвөрмөц хэллэгийг нь магтан шагшигсад болоод шүүмжлэгсдийн аль нь ч биш юм... зүгээр л түүний шүлгэн доторх эмзэг уяруу зөөлөн "шүлгэн хүн"-ийг, "шүлэг шиг хүн"-ийг олж харсандаа, түүнийг хайрлахын төлөөнөө, тэр хүн надад юу гэж шивнэхийг сонсохын төлөөнөө түүний шүлгүүдийг уншнам...
.
.

Эрхиний бөөр

Эрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд

Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Гэрийн босго намсах нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд

Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд
.
.

Лааны дууль

Усан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү
Чиний дэргэд...
Тэргүүн дээр минь
Бурхны амьсгалаас тасалж авсан мэт
Тэнгэрлэг жаахан шаргал дөл бий
Өөрийгөө олсон бясалгал минь тэр юм
Өндөр дээд чамайг гэсэн
Хайрлал минь тэр юм
Өөрийн эрхтгүй дотроос цацарсан
Ариусал минь тэр юм шүү
Хайрласаар...
Ариуссаар...
Бясалгасаар...
Усан болор зүрх
Уяралтайхнаар нэгэн шаргал гэрэлд эзлэгдэхэд
Мөнгөлөг тэр л лааны эзгүй суурин дээр
Мөнхийн ногоон хаг болох
Нэгэн эрвээхэйг хүлээнэ гэнэм
Усан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү би
Чиний дэргэд...

Алтан шаргал навч

Намайг зүйргүй тэнгэрлигээр гэрэлтүүлсний чинь төлөө
Намрын цагаахан сар шиг асгарч явах сайхан байлаа
Мөрийг минь түшээд эрхэлсний чинь төлөө
Мөнгөн жүнзтэй архи шиг
Согтож суух сайхан байлаа
Зөв бурууг бодсон биш
Зүгээр л чамд дассан юм
Зүрхэн дээр минь унасан
Алтан шаргал навчхан минь
Уйлж дуулахаа мэдсэн ч биш дээ
Уулзаад өнгөрнө л гэж бодсон
Уруул дээр минь унасан
Алтан шаргал шүлэгхэн минь
Дурлах хагацахыг заалгасан ч биш дээ
Дуугүйхэн явчихна л гэж санасан юм
Дурсамжинд минь л үлдээч дээ
Алтан шаргал гунигхан минь...

-- Хөгжим --

Гэрийн дотор анир гvм
Галын vнэр аяс, vес…
Авдрын арслан саран дотор
Тавган дор нь аавын зvvд…
Буурцган эрхи ээжийн хуруунд
Тvvний сэтгэлд ганцхан Будда…
Тайвширч амирлаад нvд анилдахад
Тарни нисэх
Уянгалаг чимээ…”

Music

Times of loud noise inside the ger,
Of the fire's smell....
The lion protects our heritage in the moonlight.
Father's dreams underfoot,
Mother's fingers on her rosary,
Only Buddha in their minds....
Their calm, clear eyes are heavy, their
Mantras flying,
An ornament of sound....

-- Гуниг --

Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Хэн нэгнийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй харьчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг халагланам
Чамайг би хайрламаар байна
Завилж суугаа бурхад нүдээ цавчин сэрдхиймээр
Тийм нэгэн шидэт шуурга надад байна
Цасан дунд ургадаг үүдэн баарын цэцэг сортосхиймээр
Тийм нэгэн гэрэлт салхи надад байна
Чамайг би хайрламаар байна.... Гэвч
Энэхэн цагийн будант инээмсэглэл
Чамд ойртуулсангүй
Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
Чамд очуулсангүй
Чамайг би хайрламаар л байлаа...


Sorrow

I have come crawling to you,
Through arrogance and sudden drops in temperature,
Through the colors of the world and
Through the suppression of dreams.
I want to love you
With the kind of sweet affection
That can dwell only in a human being.
In my heart I mourn one thing,
That I've not been able to love another.
I regret I'm not a swallow on the wild steppe,
That I cannot soar to meet another.
I want to love you, to
Open the eyes of cross-legged Buddhas.
I've such a magic storm -
I want to make a lily in the snow glance up.
I've such a shining wind....
I want to love you...but
In the hazy smile of this moment
I can't come close to you.
In this cold glow of arrogance,
I cannot come to you.
I wanted only to love you....

Нутаг

Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ арцны үнэр
Есөн өдөр биеээс минь анхилна
Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ сарны туяа
Есөн сар шүлэгнээс минь цацарна
Нутагтаа нэг очоод ирэхэд шидэт нэгэн тарни
Есөн жил зүрхнээс минь гэрэлтнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шижир алтан наранд нь
Есөн хүсэл, ганцхан төөрөг минь дулаацаад ирнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шүү...

Тунгалагын тухай шүлэг

Үхэл ирэхэд би тув тунгалаг болно
Үлдэж энэ орчлон манан дундаа умбана
Үр минь хүү минь харин тод тунгалаг төрнө
Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
Хоёр тунгалагын хоорондохыг
Хорвоо гэдэг юм даа
Хоёр тунгалагаас бусдад нь
Хонгор минь битгий итгээрэй

Дорнын хөх тэнгэр

Би дорнын хөх тэнгэр
Би адуу шиг босоогоороо унтдаг
Шувуу шиг сэрдэг
Бурхан шиг бодлогширдог
Би хөх тэнгэр..
Одогсдын толгой дээр сүүлчийн удаа адис өгдөг
Хөв хөх сударсан билээ би
Орчлонгийн зулай дээр айдас үргээн цагирагладаг
Цэв цэнхэр үнэгхэн билээ би
Мөнхийн усгүй энэ орчлонд
Хэлэх үггүй цөхрөхдөө би
Загас шиг дуугүй болсон
Мөнх бусын салхинд
Нандин бүхнээ алдаж хөхрөхдөө би
Өөрийгөө нууцлах болсон
Хүн биний
Хүчирхэг тэнэглэл
Өмнөөс цээргүй инээмсэглэхэд
Айн түгшдэг би
Хүнээс хүн зугтан гарч
Шүхрэн гэрэл бөхөх болгонд би
Алтан заадас бүхнээрээ шархиран өвддөг
Би дорнын хөх тэнгэр
Хорвоогийн явдалд ноолуулж налайсан
Хонин хөх энгэр юм би
Дорнын насыг харин өмгөөлж архирсан
Арслан хөх тэнгэр юм би
Ам дөрвөллжнийг энгэрээсээ тастан байж
Аяа хүн сүрэг чиний
Алтан хүйг чинь би боож авсан
Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би
Би дорнын хөх тэнгэр
Хөлөө цэцгэн өлзий ороож
Мутраа цээжин тус бадамлуулсан
Нүүдэлчний төрхтэй амгалан бурхан
Нүүрэн дээр чинь манхайж байна уу
Чамаас алсарч яваа
Аргадахын зөөлөн чинь би байна
Чамд алгадуулж суугаа
Хоргодохын хайлан бинь би байнаа

Цаг хугацааны хүлэг морьд

Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Цагаан сүүний зэрэглээт бүлтгэр жаахан гариг
Цэнхрийн дундаа мянган жил эргэлдэх үгүйг мэдэхгүй
Хөсөг нүүдэл цэнхэртсээр үгүйг үзэхгүй
Хүннүгийн нутаг дахиад мянган жил
Дуниартах үгүйг мэдэхгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Суут их газар шороон дээр мянган жил
Цуут хөвгүүд төрөхийг харахгүй
Сумбын ногоо дахиад мянган жил
Ургах үгүйг мэдэхгүй
Хичнээн бүсгүй үзэсгэлэнтэй төрж
Орчлонг шархлуулан зовоохыг бас үзэхгүй
Хээр талын алтан харгана тэр цагт
Сэрвийн гялалзахыг ч ажиглахгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Мянган жилийн жаргал зовлонг зурах
Мэлтгэр хөх тэнгэрийн бийрийг хэн булаах вэ?
Үймээнт шүлэгчдийн шаналал тайтгарлыг бүтээсэн
Өрнө болоод дорнын бэхийг хэн найруулах вэ?
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би

Нэгэн хавар

Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодoход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр яагаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ...

Шинэ шүлгийн түүвэр хэвлэгджээ.

Цаст Очирваанийн нутгаас төрсөн авьяаслаг хөвгүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж шилдэг шүлгийн хоёр боть бүтээлээ уншигч таны ширээн дээр тавилаа. Шилмэл шүлэг, найраглал, дуулиудаа эмхтгэн бүтээсэн эдгээр бүтээл “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно” гэсэн сайхан нэртэй. Түүний энэ номыг Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, хадаг дэлгэн шавь орсон номынх нь багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нар эрхшээн соёрхжээ.

“Би түүнийг “хэцүү нэрт” гэх бүлгээ. Учир нь түүний нэрний тал нь миний сүлдэн эцгийн минь нэрсэн билээ. Энэ хүмүүн яруу найрагт дорнолог уянга, дотоод найраг авчирсан нэгэн болой. “Явуу” найргийн салаа зандан модны нэгэн саглагар мөчир нь Бавуудорж юм. Тэр их өнгө, их ухааны хөрсөн дээр ургасан юм шүү” гэж Б.Лхагвасүрэн ахайтан үнэлсэн бол “Явуугийн нутгаас төрж, яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн авьяаслаг хөвгүүн тэрбээр

“Хүлэг дахин заяадаг цаст
мөнхийн нутаг сан
Хүмүүн зандан биедээ
хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
Билгүүн зандан биедээ хурмастын санааг санана” хэмээн цаглашгүйн их дуулалд нэгдэж байна. Энэхүү мөнхийн санаа нь яруу найргийн цастын гэгээн уянга мөн бололтой” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо номын өмнөтгөлд бичжээ. Түүний номынх нь дээжээс дор толилуулж байна.



Харсаар байтал

Харсаар байтал чиний дэргэдээс
Хачин тунгалаг хүн
Босоод явчихлаа
Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
Халуун зөнгөөрөө мэдэрч байна

Харсаар байтал чиний биеэс
Хачин гэрлэн бурхан
Хөөрөөд явчихлаа
Хаахна байсныг нь би мэдэхгүй ч
Хайран хүн гэж
Чамайг гэнэтэд өрөвдлөө

Харсаар байтал чиний нүднээс
Хачин болор загас
Халиад уначихлаа
Танхилхан чамайг гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа

Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ
Гээгдээд уначихлаа
Хорвоогийн салхис
Хоромхон зуур ухасхийгээд арччихлаа
Харсаар байтал харин чи…


Эрхиний бөөр

Эрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрийн босго намсах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд


Очирваань уулын цагаан үүл

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг

Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.

Дорно

Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг
Би дорно
Сарны нууц, сансрын гуниг
Энэ миний тэргүүн гоёл
Саруулхан шөнө, анир гүм тал нутаг
Энэ миний дээдийн соёрхол
Тэнгэр миний гүн ухаан
Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог
Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд
Долоон бурхан од дайвдаг юм
Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд
Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг
Би дорно
Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй
Хайрын шарх амрагын үнсэлтийг харин нууцалдаг
Сар миний нууцыг мэднэ
Сайхан бүсгүйчүүдийн нууцыг ч бас тэр мэднэ
Хөл хүнд бүсгүй хүний өмнө
Хөхөмдөг суунагтайгаа хамт сөхрөн унадгийг минь
Хүлэг морьд задгай галын дэргэд
Хүчит тарни аялгуут хэнгэргээ
Дэлдэн дэлдэн ариусдагийг минь
Тэр л мэднэ дээ
Сайхан хайр хагацахад би уйлдаг
Сар хиртихэд уйлдаг
Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг
Би дорно
Мөнх бусын салхин
Миний айдас бус
Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас
Өөрөөр айхыг би үл мэднэ
Би дорно
Нүүдэлчдийн эсгий гэрийн хойморьт цагираглаж
Сүү амсдаг
Нүнжигт алтан могой юм би
Буурин дээр нь ногоо ургаж дэлхий шинэдэхэд
Буурал Хүннүгийн нутагт эрхэлдэг
Бугын эвэртэй лус юм би
Би Дорно
Наран сарны увидаст гэрлээр бүслүүр ороосон би
Намайг хэнч үл эвдэнэ
Хурмастын цэцэн санаагар нууцаа цүүлсээн би
Хувиргаж намайг хэнч үл дийлнэ
Би Дорно
Ургаа зандан хана юм би
Улаан зандан унь юм би
Ум зандан тооно юм би
Би Дорно
ДОРНО

Тэнгэр бид хоёр

Жаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигийг нь сөрж явахад тэр дуугүй л байлаа
Замбууг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр тэр огтхон ч дуугүй
Алтан бөлзөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгднэ
Нүдээ анисхийгээд бясалгах нь мэдрэгднэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм ээ

Мөрөөсөхүй

Арцан дээр нэг сахан хөрвөөхсөн
Анхил үнэрийг нь тээсээр номын өрөөндөө ирэхсэн
Хойморь дүүрэн уул үнэртэж
Гэзэгнээс минь цас сэнгэнээд л...
Арцан дээр нэг сайхан хөрвөөхсөн

Манан дундуур нэг сайхан алхахсан
Магнайгаа шинэхэн мөчрөөр илбүүлэн
Марал буга шиг өдөржин алхахсан
Шилбэндээ алтанхундага, согоонсумангийн дэлбээ наалдуулсаар
Шинэхэн саран мандахаас өмнөхөн тэгээд нэг бууж ирэхсэн
Манан дундуур нэг сайхан алхахсан

Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөн
Шимийн юм үнэртүүлсээн гэртээ ирэхсэн
Ааваас жаахан эмээж ээжээр толгойгоо илүүлээд
Арслантай авдрынх нь өмнүүр унтаад өгөхсөн
Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөн

Сарны шүлгүүд буюу Poems of the Moonlight

....1990-ээд оны уянгын яруу найрагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, бичлэгийн ур дүй, сэтгэлгээ, дүрслэлийн давтагдашгүй арга барилтай нэгэн залуу яруу найрагч орж ирсэн нь энэхүү Цогдоржийн Бавуудорж байлаа. Тэр өдгөө нэртэй яруу найрагч болсон хэдий ч энэ тэрийг даган "навсаганаж", өөрийгөө эвдсэнгүй бас өөрөө өөрийгөө давтаж ул дол болгосонгүй. Шүлэг бүтээл нь он жил улирах тусам гэрэл гэгээ нэмэн, бяр бяд сууж, найрагчийн ур ухаан задран тэлж байгаа нь түүний хүрэх өндөрлөг хол гэдгийг харуулдаг юм. Үүнд нь би дуртай.
Богд Очирваань уулын эргэн тойрон, ойр орчимд төрсөн хийгээд, их хайрханыг сүлд шүтээнээ болгон сэтгэлдээ дээдэлэж сүсэлсэн хэний боловч буян хишиг арвижиж, уран бүтээлчийн авъяас билэг задран хэтийдэж шүлэг зохиол нь ямагт гэрэл гэгээ, хүч чадлыг хуримтлуулан, шүншиг суудаг хэмээн ахмад үеийнхэн хөөрөлдөх. Тэр ч үнэн биз. Ц.Бавуудоржийн шүлэгт энэ уулын сүр хүчин хийгээд гэрэл гэгээ, хөгжим аялгуу, эрхэмсэг анир чимээ, цагаан бүгээн өнгө, хуур ятгын ая эгшиглэн, увидаст шид, тэнгэр бурхад, амин савдаг, хөх тэнгэр, урван хөрвөгч цагаан үүлс, наминчлал өргөн дүрслэгддэг нь энэхүү хөх уулын нөлөө эрхшээл ч байж болох юм. Сарны шүлгүүд хэмээх түүний энэ шүлгийн номын хэд хэдэн чухаг ололт бол найрагчийн шүлгээ хэт сунжруулан уртасгаж нурших хандлага, хэт чамин үг, дүрслэл хөөцөлдөөд утгын тал нь ээдэрдэг, санаагаа тарамдуулж зөвөхөн сонсголонт чанар, мэдрэмжийг шүтэх барилаас нжилээд холдож шүлгүүд нь ерөнхийдөө богиносож, үүний үрээр утга санааны төвлөрөл, оновчтой дүрслэл, гүн ухааны аясаар баяжин, хэт хийсвэрлэл, тухайн үедээ найрагч өөрөө л мэдэрсэн гэмээр тодорхойгүй далд бэлгэдлүүдээ задлан шүлгийн санаагаа гүнзгийрүүлсэн нь түүний шүлэг бүтээлдээ хийж байгаа шинэчлэл юм.....

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор
Д.Галбаатар

...Мянган жилийн жаргал зовлонг зурах
Мэлтгэр хөх тэнгэрийн бийрийг хэн булаах вэ?
Үймээнт шүлэгчдийн шаналал тайтгарлыг бүтээсэн
Өрнө болоод дорнын бэхийг хэн найруулах вэ?....

Сэтгэлийн аяз

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчингны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ

Цастын аяз найраглалаас хэсэглэв

...Хүдэнт бөмбөрцөгийн аясаар сумба наран цэцэглэнэ
Хүннүд биширч мөргөсөн цаст нутаг минь дуурсана
Будант бөмбөрцгийн аясаар сумба наран цэцэглэнэ
Буддад итгэж гэгээрсэн цаст нутаг минь дуурсана

Дээд хөхрөгчийн энгээр цаглашгүйн цадиг гэрэлтэнэ
Дэлхийн чимэг болсон гэгээн цаст минь дуралзана
Оройд хөхрөгчийн энгээр цаглашгүй цадиг гэрэлтэнэ
Орчлонгийн чимэг болсон гэгээн цаст минь дуралзана
Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутагсан
Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутагсан
Билгүүнд зандан биендээ хурмастын санааг санана
Айраг дахин шуугидаг цаст бумбын оронсон
Арвай зандан биендээ бурхны санааг санана
Уураг дахин бүрэлддэг цаст бумбын оронсон
Ургаа зандан биендээ бурхны санааг санана
Гөрөөс дахин янзагалдаг цаст бумбын оронсон
Гүргэм зандан биендээ мөрөнгийн санааг санана
Бүрээс дахин шинэддэг цаст бумбын оронсон
Бүтэн зандан биендээ мөрөнгийн санааг санана

Равжаа хутагтын нутаг

А.Эрдэнэ-Очирт
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана
Шувуун шандын хөх зэрэглээнд
Шунхан дэлт үүлс товолзоно
Галуун хүзүүтийн уран биелгээнд
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ
Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд дуниарч харагдана
Цагаахан үүлсийг энд үдсэн юм
Цасан будрахыг энд харсан юм
Намрын бороонд энд норсон юм
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм
Сархадын хатууг шимж дуулсан юм
Наран зүг саравчилж зогссон юм
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм
Амрагийн дууг энд зохиосон юм
Алтан биеийг энд орхисон юм
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм
Шингэн цэнхэр манан болсон юм
Амуу цагаан хяруунд хувилсан юм
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм
Бударганат говийн хөлгөн сударч
Усанд туссан сар байсан юм
Буурал дорнын монгол хутагт
Улаан гэрэлт луу байсан юм
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана

Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана

Аниргүйн эгшиг

Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо

Үргэлж би залуу явах юм шиг

Үргэлж би залуу явах юм шиг
Өнгө тунамал дарсанд даанч их шунах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өмсгөл цагаахан бүсгүйг эхнэрийнхээ оронд зүүдлэх юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өчнөөн сайхан хүмүүст сэтгэлээ хундагалж явах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өдний исгэрээтэй шүлгээр орчлонгийн сахлыг оролдох юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өвлийн цасны туяатай намрын үүдэнд гуних юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өр нимгэн цээжиндээ уйлан хайлан урсах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өтгөн хар хөмсгөө бөмбөрцгөөс дээгүүр зангидах юм
Үргэлж би залуу явах юм шиг

Их хайрын дууль

Шинийн сарны асгарсан гэрэл доор
Хагацал гэдэг үгийг бид зохиосон
Шинэхэн цасны ариун будраан дунд
Гуниг гэдэг үгийг бас нээж олсон
Мөнхийн хутаг хайж гэнэнг бүтээсэн
Мөчир бүхнийг нь цантуулж их хайрыг уйлуулсан
Хайр дааж чадаагүй
Харанхуй түүхийг бид бүтээсэн
Их хайранд ташуурч
Эндсэн цадигийг бас бүтээсэн
Сайхан хайрыг бид уйлуулж жаргасан
Сар нарны хорвоог дааруулж амьдарсан
Их хайрыг бид сүйтгэж жаргасан
Энэ цэнхэр орчлонгоо гомдоож амьдарсан
Хан буурал хүмүүн төрөлхтөний
Сэтгэл унасан хяруу нүдэнд хөвсөн мананг
Мянгантаа арчин дуулав
ИХ ХАЙР...
Төмөр жарнуудын уй гуниг
Төгсөөгүй үлгэр бүхний дэргэд
Түмэнтээ сэмрэн шаналав
ИХ ХАЙР...
Эх газрын чулуун сарнай, балгад
Эрхэмсэг хаадын нууцлаг шаналан
Тангараг, алт, шүр, сувд
Таж махалын хүйтэн инээмсэглэл
Сүү, нулимс, сарны гунигаар
Сүлжиж урласан бидний хайр ийм дээ
Хээнцэр мөрөөдөл ихийг тээлгэсэндээ
Хэлтгий цэнхэр дэлхийтэй юм аа бид
хээрийн салхи шиг омголон амьдралтайдаа
Хэлтгий гэнэн дурлалтай юмаа бид
Чихээ дагасан нулимс жирэлзэнэ
Толгой нь үл үзэгдмой
Санчгаа дагасан хяруу гялтганана
Эзэн нь үл олдмой
Аяа ...
Алтанхан орчлонг хэн гийгүүлсэн юм бэ?
Агуу их хайр гийгүүлсэн юм
Алтанхан зуунуудыг хэн бүтээсэн юм бэ?
Агуу их хайр бүтээсэн юм
Алтанхан ургийг минь хэн хэлхсэн юм бэ?
Агуу их хайр хэлхсэн юм
Амгалан тавиланг минь хэн догдлуулсан юм бэ?
Агуу их хайр догдлуулсан юм
Амьдрал өөрөө ингэж дуурссан юм
Буцахын хаалгагүй орчлонгийн хатавчинд
Бууралтанхан суугаа ИХ ХАЙРЫГ өрөвдмой
Дорнын цуутай мөнгөлөг үдэш
Тал нутгийн нүүдэлчин Монголыг
Доголон нулимстай итгэлээр
Санаашран ширтэхэд нь шимширмой
Аяа...
АЛТАНХАН ОРЧЛОНГ ХЭН ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ?

Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу , хүн хоёроос өөр
Хөрстөд хэн ч сонсохгүй , сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр , тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаньюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихи хутагийн буурин дээр оцойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж улисан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ
Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурвэн зуун ясны мнь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина ...

Зохиролт сарнаа

Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд ер очмооргүй нэгэн хүслэн байна
Цаглашгүй ариун таалшгүй эрхэмсэг
Цангашгүй гунигт цамнашгүй гижигт
Залуу насыг чинь би таалмааргүй байна
Зөвхөн чамтай зөвхөн сартай
Зөрөг зам дээр би удмааргүй байна
Царай чинь харагдам хөл чинь үзэгдэм
Сарны тунгалагт би гунигламааргүй байна
Гэгээн зовлон ариун тавилангаа
Гэргийнхээ өмнө гэрийнхээ хойморь
Өрж орхиод
Цаст уулынхаа чулуугаар
Өөрийгөө зодож сууна би
Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд одоохон очмоор нэгэн хүслэн байна.

Монголын их хувь тавилан

Хүлэг морин хавартай хуурдаж гүйдэг монголсон
Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутагсан
Хар сүлдийг дурэлзүүлсэн дээдсийи алтан уулссан
Хаан буурал түүхийн утаа зуусан баринтагсан
Тэнгэрийн цэнхэрлэгт хун тайжийн санаашрал дуралзана
Тэнгэрийн цэнхэрлэгт Хулан хатангийн зүүд дуниартана
Тэнгэрийн цэнхэрлэгт өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Өэлүн ээжийн бүүвэй эгшиглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт алтан бумбатай сархад улалзана
Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл
Сангийн утаат хээр тал минь хээр тал минь
Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан
Эсгий гүрний хувь тавилан минь хувь тавилан минь
Гэсэр Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас
Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ
Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон
Хаш судрын магнайд алтан солонго татлаа
Хөхөмдөг ууланд саран тэргэлээр адуутай Монгол минь
Хөсөг нүүдлийн шаргал тоостой хувь тавилан минь...
МӨНХ ТЭНГЭРТЭЭ БАЙНА
Гүрвэлжин гоо хатан сарны цагаан туяагаар
Их хаадын зүрхэн дээр цэцэг зангидаж тоглосон
Монголын их хувь тавилан хээр талдаа байна
Гүнгэрваа дээд хурмаст цагаан тарнийн гэрлээр
Ижий хатдын хэвлийд цүү хаяж наадсан
Гүүний сүүгээр цэнгэдэг гүрний их тавилан

Нэгэн хавар

Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодоход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр ягаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ...

Хайрын романс

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
Нарийн цагаан хур хацар норгодог байлаа
Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа
Гогцоо гогцоо долгис цээжрүү урсдаг байлаа
Яруухан учралт газар цастын намар байлаа
Явуухулангийн нутаг цэнхэр манантай байлаа

Үүрийн шаргал туяанд чамайг дурсдаг байлаа
Үнэр ялдам цэцэгс анхил залуухан байлаа
Ус дамнасан бүсгүй цэнхэр дуу байлаа
Уулын морин харгуй буданд шургадаг байлаа
Од зүсэлсэн чи минь орь залуухан байлаа
Огторгуйн цагаан заадас зүрхэн дээр тусдаг байлаа

Навчис улаарах цагаар чамайг дурсдаг байлаа
Намрын цагаан хус түшиж суудаг байлаа
Цагны мөнгөн зүү чамруу заадаг байлаа
Цайвар сарны хөмсөг мөстөж хонодог байлаа
Хээрийн цагаан бороо сэтгэл норгодог байлаа
Хэвтсэн газрын өвс хуурай үзэгддэг байлаа

Цаст уулын намраар чамайг дурсдаг байлаа
Цармын цагаахан үдэш цэцгээр шуурдаг байлаа
Мартагдсан захидлын үгс дугтуйндаа гэрэлтдэг байлаа
Манан дундах сар марал шиг үзэгддэг байлаа
Нарны цэнхэр униар цээж дүүрдэг байлаа
Нандин залуу өдрүүд аяншиж буцдаг байлаа

Хангайн будант намраар чамайг дурсдаг байлаа
Харганын алтан үйсэнд саран шингэдэг байлаа
Орчих цагийн аяс сэвэгнэн үлээдэг байлаа
Одны гялгар туяа бодолд харвадаг байлаа
Үүрийн шаргал гэгээнд дуу зохиодог байлаа
Үеийн хонгор бүсгүйн мөрийг түшдэг байлаа

Уулын цагаан шөнөөр чамайг дурсдаг байлаа
Усанд үйсэн навчис мөнгөн бүрхүүлтэй байлаа
Хээр хөдөөгийн зам сэтгэлд дотно байлаа
Хяруу сүвлэсэн өвс хөх өнгөтэй байлаа
Дэнгийн шаргал туяа зүрхний дэргэд байлаа
Дэлхийн хөхөмдөг мандалд чамтай хоёулаа байлаа

Сөл тасрах цагаар чамайг дурсдаг байлаа
Сүрэг цэнхэр үдэш далласаар зөрдөг байлаа
Мөнхийн дурсамж бүтээсэн ариун учрал байлаа
Мөндрийн цагаан зурвас цайрсаар холддог байлаа
Хэн нэгэн бүсгүй дуулсаар буцдаг байлаа
Хэсэг цагаан манан сэтгэлд намарждаг байлаа

Цагаан өвс сэвэгнэхэд чамайг дурсдаг байлаа
Цасны будан хөшиглөсөн уулын намар байлаа
Цайвар үүлсийн нүүдэл цэнхэр хүрээтэй байлаа
Цамцны сувдан товч шинэхэн торгон дээр байлаа
Зүүрмэг шаргал орчлон цээжинд илхэн байлаа
Зүүдний шаргал хөндийд зөвхөн чи л байлаа

Аянч үүлс цавцайхад чамайг дурсдаг байлаа
Аясын хонгор салхинд сэтгэл ганхдаг байлаа
Дүрлэгэн алаг нүд зүрхэнд чимэг байлаа
Дүүрэн цагаан саран орчлонд хосгүй байлаа
Хөх өвс сэрчигнэх намарт дуртай байлаа
Хөнгөн шаргал үүлс чиний нутгийнх байлаа

Аниргүй гэгээн харцны чинь навчсыг би хөндөхгүй
Алтан бөмбөрцөг харцны чинь сартай зөргийг сэрээхгүй
Дотно урин сэтгэлийн чинь зандан балгаст зугаацахгүй
Долоон бурхан биеийн чинь мөнгөлөг гэрлийг нөмрөхгүй
Цэнхэр аадарт шөнөөр чамдаан би очихгүй
Цэлмэг үдшийн сарнаар чи минь наддаа ирэхгүй

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Яруу найрагч Ц.Бавуудоржийн тухай товчхон

Хангайн их уулсын дунд төрсөн, шүхрийн спортын мастер, сэтгүүлч мэргэжилтэй эгэл жирийн, олон таван үггүй, дүнсгэр энэ хүнийг Монголын сайн яруу найрагчдийн нэг гэхэд маргах хүн цөөхөн биз ээ. 1990 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж 1991 онд "Бүгээн анир", 1993 онд "Гүмүда", 1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрэнэ", 2000 онд "Тарнийн цагаан цэцэгт буюу Отгонтэнгэр", 2001 онд "Дорно аялгуу", 2002 онд "Амар амгалангийн яруу найраг", 2006 онд "Сарны шүлгүүд" зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ. Мөн тэрээр 1996 онд "Бүгээн анир" номоороо Гомбын Сэр-Одын нэрэмжит "Од" шагнал, 1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрнэ" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2001 онд "Хүрэл чоно" шүлгээр яруу найргийн "Болор цом" наадмын тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн юм. "Дөрвөн улирлын өнгө", "Намрын бороо", "Ээжтэй орчлон", "Тэнгэрийн бүсгүй", "Жаргаж гуних орчлон", "Алтанхан заадалт хүний орчлон" зэрэг 30 гаруй шүлэг нь дуу болжээ.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа, шүлэг яруу найрагт хайртай миний Монголынхоо ард түмэнд зориулан яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн өчүүхэн ч болтугай хэсгээс Цаст уулын цоморлиг хэмээн нэрлэсэн энэхүү блогоор дэлгэж байгаа билээ. Цаашдаа ч улам арвижан баяжих болно. Оюун сэтгэлийн уужим талбиун, ариун гэгээн амар амгалан эдлэх болтугай.
Дорнын бишрэлт наран бийрээр
Тэнгэрийн тарнийг газарт сийльюү
Догшин Очирваанийн очирт мутраар
Орчлонгийн сэтгэлийг ариусган ялъюу
Алтан хувьт монгол хэлээр
Хурмастын ерөөлийг шившин амилуульюу
Асралт Очирваанийн цагаан тарниар
Хүмүүний явдлыг хичээн гийгүүльюү /найрагчаас/