Дорно

Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг
Би дорно
Сарны нууц, сансрын гуниг
Энэ миний тэргүүн гоёл
Саруулхан шөнө, анир гүм тал нутаг
Энэ миний дээдийн соёрхол
Тэнгэр миний гүн ухаан
Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог
Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд
Долоон бурхан од дайвдаг юм
Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд
Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг
Би дорно
Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй
Хайрын шарх амрагын үнсэлтийг харин нууцалдаг
Сар миний нууцыг мэднэ
Сайхан бүсгүйчүүдийн нууцыг ч бас тэр мэднэ
Хөл хүнд бүсгүй хүний өмнө
Хөхөмдөг суунагтайгаа хамт сөхрөн унадгийг минь
Хүлэг морьд задгай галын дэргэд
Хүчит тарни аялгуут хэнгэргээ
Дэлдэн дэлдэн ариусдагийг минь
Тэр л мэднэ дээ
Сайхан хайр хагацахад би уйлдаг
Сар хиртихэд уйлдаг
Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг
Би дорно
Мөнх бусын салхин
Миний айдас бус
Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас
Өөрөөр айхыг би үл мэднэ
Би дорно
Нүүдэлчдийн эсгий гэрийн хойморьт цагираглаж
Сүү амсдаг
Нүнжигт алтан могой юм би
Буурин дээр нь ногоо ургаж дэлхий шинэдэхэд
Буурал Хүннүгийн нутагт эрхэлдэг
Бугын эвэртэй лус юм би
Би Дорно
Наран сарны увидаст гэрлээр бүслүүр ороосон би
Намайг хэнч үл эвдэнэ
Хурмастын цэцэн санаагар нууцаа цүүлсээн би
Хувиргаж намайг хэнч үл дийлнэ
Би Дорно
Ургаа зандан хана юм би
Улаан зандан унь юм би
Ум зандан тооно юм би
Би Дорно
ДОРНО