Асар тэнгэрийн хаалган дээр

Асар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү бариад
Алтан тэр л дэнлүүний гэрэлд үзвэл
Өндөр цагаан үүл хөлөглөсөн
Өвгөд ирж байна
Сүүний үнэр нь ч арилаагүй хөөрхөн амьтан
Сүн далайг гатлан мөлхсөөр ирж байна
Тоолж уншсан тарнийнхаа чадлаар
Тохойн чинээхэн болж биеээ хураасан хувраг хүн
Завилаагаараа ниссээр ирж л байна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Хорин нэгэн хүүхэн бурханд хөтлүүлсэн
Хосгүй тунгалаг нүдтэн ирж байна
Алаг замилангаас хагацсан ч гуниггүй
Ариун гэнэн сэтгэлтэн
Цэлийтэл хаалгыг нээчихээд гайхшран зогсож л байна
Ээжийнхээ өмнөөс ирсэн үр
Үрийнхээ өмнөөс ирсэн ээж
Өндөр гэгч нь санаа алдаад орж л явна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Аяаар зөөлөн савах тэр л хаалга чихрах бүртээ
Амьдын улаан бөмбөрцөгний
Амьсгалын тоог хулгайлж байна
Мөнх бусын алтан мөнгөн загас
Түүний дотор
Мөнх юм шиг
Дураар амгалан цэнгэж л байна
Асар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү барихад...