Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно
PS-1: Энэ шүлэгтэй арван хэдхэн насандаа учирч билээ... 1999 оны үед бичсэн шүлэг гэж сонссон санагдана, надад бол түүнээс ч өмнө мэт л санагдах юм... Яг л түүн шиг тэр нэг "гэгэлгэн он жилүүдийн хэлж ирээгүй хагацалд цээжээ зуруулчихаад гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншиндаа" санааширч суухдаа Бавуудорж ахын энэ шүлгийг олж уншчихаад уйлж уужирч байсансан...
Түүний анхны шүлгүүдтэй Жоконда, "Арвын А-ийн охин ээж болж гэнээ ахиад би хичнээн жил хүлээх юм бэ?" ч юм уу "Намрын борооноор цувгүй алхахдаа навчнаас дутуугүй гуниг тээдэг".... нартай бас анхны хоёр /Гүмүда, Бүгээн анир/ жижигхэн хэвлүүлсэн номуудтай нь хамт хоноод үүр цайлгадаг байсан цаг саяхан мэт... Харин би одоо тэр номуудаа дахин хайсан ч олдсонгүй, хуучин номын сангаас минь нүүдлээр ч юмуу ийш тийшээ ороод үрэгдэв үү эсвэл хэн нэгний "гар"-т ороод алга болсон юм болов уу... Тэр номуудыг байвал одоо ч шинээрээ мэт санагдах олон гоё шүлгүүдийг энд оруулахсан.
.
.
PS-2: Түүний шүлэг бүтээлүүдээр блог хийгээтэх гэж хэн нэгэн надад хэлсэнгүй, санамсаргүй юм гэж байдаггүй гэдэг билүү... энэ насны минь ч юмуу эсвэл өмнөх насанд минь ямар нэгэн тавилан тохиол, учир сэжим байсан юм байлгүй нэг л өдөр гэнэтхэн яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгүүдийг уншдаг надтай адилхан нэгээхэн боловч уншигч энэ дэлхийн хаа нэгтээ байх юм бол түүнд зориулан хязгаар үзүүргүй энэ интернет орон зайд надад олдохын хирээр түүний бүтээлээс цуглуулан хэдийгээр түүний шүлгүүд монгол төдийгүй англи, испани, япон хэл дээр хүртэл хэвлэгдэн ном түүвэр болсон нь байдаг ч түүний хажуугаар цахим ном болгохоор энэ блогийг нээсэн юм. Яруу найрагч өөрөө дуртай эсвэл дургүй ч байсан байж болох... Магадгүй би Монголдоо байсан бол өдөр бүр энэ блогийг түүний шүлэг, бүтээл, зураг хөрөг, ярилцлага, нийтлэл, дурсамж, мэдээ гээд юу байдгаар дүүргэх байсан биз, харамсалтай нь надад тийм материал тэр бүр хүний нутгаас олддоггүй юм. Гэвч дээр хэлсэнчлэн энэ дэлхийн хаа нэгтээ Ц.Бавуудоржийн яруу найргийг хайрлан сонсдог нэгээхэн боловч хүн байх аваас /мэдээж үй олноороо бий гэдэгт итгэнэ/ би түүнд зориулан бас өөртөө зориулан түүний шинэ номуудыг Монголоос захиулан байж худалдан аваад шүлэг бүтээлээс нь оруулж байх болно. Үүнээс гадна түүний өөрийнх нь хөтөлдөг English дээр блогийн холбоосыг энд орууллаа.