Шинэ шүлгийн түүвэр хэвлэгджээ.

Цаст Очирваанийн нутгаас төрсөн авьяаслаг хөвгүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж шилдэг шүлгийн хоёр боть бүтээлээ уншигч таны ширээн дээр тавилаа. Шилмэл шүлэг, найраглал, дуулиудаа эмхтгэн бүтээсэн эдгээр бүтээл “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно” гэсэн сайхан нэртэй. Түүний энэ номыг Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, хадаг дэлгэн шавь орсон номынх нь багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нар эрхшээн соёрхжээ.

“Би түүнийг “хэцүү нэрт” гэх бүлгээ. Учир нь түүний нэрний тал нь миний сүлдэн эцгийн минь нэрсэн билээ. Энэ хүмүүн яруу найрагт дорнолог уянга, дотоод найраг авчирсан нэгэн болой. “Явуу” найргийн салаа зандан модны нэгэн саглагар мөчир нь Бавуудорж юм. Тэр их өнгө, их ухааны хөрсөн дээр ургасан юм шүү” гэж Б.Лхагвасүрэн ахайтан үнэлсэн бол “Явуугийн нутгаас төрж, яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн авьяаслаг хөвгүүн тэрбээр

“Хүлэг дахин заяадаг цаст
мөнхийн нутаг сан
Хүмүүн зандан биедээ
хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
Билгүүн зандан биедээ хурмастын санааг санана” хэмээн цаглашгүйн их дуулалд нэгдэж байна. Энэхүү мөнхийн санаа нь яруу найргийн цастын гэгээн уянга мөн бололтой” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо номын өмнөтгөлд бичжээ. Түүний номынх нь дээжээс дор толилуулж байна.



Харсаар байтал

Харсаар байтал чиний дэргэдээс
Хачин тунгалаг хүн
Босоод явчихлаа
Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
Халуун зөнгөөрөө мэдэрч байна

Харсаар байтал чиний биеэс
Хачин гэрлэн бурхан
Хөөрөөд явчихлаа
Хаахна байсныг нь би мэдэхгүй ч
Хайран хүн гэж
Чамайг гэнэтэд өрөвдлөө

Харсаар байтал чиний нүднээс
Хачин болор загас
Халиад уначихлаа
Танхилхан чамайг гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа

Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ
Гээгдээд уначихлаа
Хорвоогийн салхис
Хоромхон зуур ухасхийгээд арччихлаа
Харсаар байтал харин чи…


Эрхиний бөөр

Эрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрийн босго намсах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд


Очирваань уулын цагаан үүл

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг

Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.

Дорно

Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг
Би дорно
Сарны нууц, сансрын гуниг
Энэ миний тэргүүн гоёл
Саруулхан шөнө, анир гүм тал нутаг
Энэ миний дээдийн соёрхол
Тэнгэр миний гүн ухаан
Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог
Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд
Долоон бурхан од дайвдаг юм
Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд
Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг
Би дорно
Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй
Хайрын шарх амрагын үнсэлтийг харин нууцалдаг
Сар миний нууцыг мэднэ
Сайхан бүсгүйчүүдийн нууцыг ч бас тэр мэднэ
Хөл хүнд бүсгүй хүний өмнө
Хөхөмдөг суунагтайгаа хамт сөхрөн унадгийг минь
Хүлэг морьд задгай галын дэргэд
Хүчит тарни аялгуут хэнгэргээ
Дэлдэн дэлдэн ариусдагийг минь
Тэр л мэднэ дээ
Сайхан хайр хагацахад би уйлдаг
Сар хиртихэд уйлдаг
Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг
Би дорно
Мөнх бусын салхин
Миний айдас бус
Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас
Өөрөөр айхыг би үл мэднэ
Би дорно
Нүүдэлчдийн эсгий гэрийн хойморьт цагираглаж
Сүү амсдаг
Нүнжигт алтан могой юм би
Буурин дээр нь ногоо ургаж дэлхий шинэдэхэд
Буурал Хүннүгийн нутагт эрхэлдэг
Бугын эвэртэй лус юм би
Би Дорно
Наран сарны увидаст гэрлээр бүслүүр ороосон би
Намайг хэнч үл эвдэнэ
Хурмастын цэцэн санаагар нууцаа цүүлсээн би
Хувиргаж намайг хэнч үл дийлнэ
Би Дорно
Ургаа зандан хана юм би
Улаан зандан унь юм би
Ум зандан тооно юм би
Би Дорно
ДОРНО

Тэнгэр бид хоёр

Жаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигийг нь сөрж явахад тэр дуугүй л байлаа
Замбууг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр тэр огтхон ч дуугүй
Алтан бөлзөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгднэ
Нүдээ анисхийгээд бясалгах нь мэдрэгднэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм ээ

Мөрөөсөхүй

Арцан дээр нэг сахан хөрвөөхсөн
Анхил үнэрийг нь тээсээр номын өрөөндөө ирэхсэн
Хойморь дүүрэн уул үнэртэж
Гэзэгнээс минь цас сэнгэнээд л...
Арцан дээр нэг сайхан хөрвөөхсөн

Манан дундуур нэг сайхан алхахсан
Магнайгаа шинэхэн мөчрөөр илбүүлэн
Марал буга шиг өдөржин алхахсан
Шилбэндээ алтанхундага, согоонсумангийн дэлбээ наалдуулсаар
Шинэхэн саран мандахаас өмнөхөн тэгээд нэг бууж ирэхсэн
Манан дундуур нэг сайхан алхахсан

Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөн
Шимийн юм үнэртүүлсээн гэртээ ирэхсэн
Ааваас жаахан эмээж ээжээр толгойгоо илүүлээд
Арслантай авдрынх нь өмнүүр унтаад өгөхсөн
Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөн

Сарны шүлгүүд буюу Poems of the Moonlight

....1990-ээд оны уянгын яруу найрагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, бичлэгийн ур дүй, сэтгэлгээ, дүрслэлийн давтагдашгүй арга барилтай нэгэн залуу яруу найрагч орж ирсэн нь энэхүү Цогдоржийн Бавуудорж байлаа. Тэр өдгөө нэртэй яруу найрагч болсон хэдий ч энэ тэрийг даган "навсаганаж", өөрийгөө эвдсэнгүй бас өөрөө өөрийгөө давтаж ул дол болгосонгүй. Шүлэг бүтээл нь он жил улирах тусам гэрэл гэгээ нэмэн, бяр бяд сууж, найрагчийн ур ухаан задран тэлж байгаа нь түүний хүрэх өндөрлөг хол гэдгийг харуулдаг юм. Үүнд нь би дуртай.
Богд Очирваань уулын эргэн тойрон, ойр орчимд төрсөн хийгээд, их хайрханыг сүлд шүтээнээ болгон сэтгэлдээ дээдэлэж сүсэлсэн хэний боловч буян хишиг арвижиж, уран бүтээлчийн авъяас билэг задран хэтийдэж шүлэг зохиол нь ямагт гэрэл гэгээ, хүч чадлыг хуримтлуулан, шүншиг суудаг хэмээн ахмад үеийнхэн хөөрөлдөх. Тэр ч үнэн биз. Ц.Бавуудоржийн шүлэгт энэ уулын сүр хүчин хийгээд гэрэл гэгээ, хөгжим аялгуу, эрхэмсэг анир чимээ, цагаан бүгээн өнгө, хуур ятгын ая эгшиглэн, увидаст шид, тэнгэр бурхад, амин савдаг, хөх тэнгэр, урван хөрвөгч цагаан үүлс, наминчлал өргөн дүрслэгддэг нь энэхүү хөх уулын нөлөө эрхшээл ч байж болох юм. Сарны шүлгүүд хэмээх түүний энэ шүлгийн номын хэд хэдэн чухаг ололт бол найрагчийн шүлгээ хэт сунжруулан уртасгаж нурших хандлага, хэт чамин үг, дүрслэл хөөцөлдөөд утгын тал нь ээдэрдэг, санаагаа тарамдуулж зөвөхөн сонсголонт чанар, мэдрэмжийг шүтэх барилаас нжилээд холдож шүлгүүд нь ерөнхийдөө богиносож, үүний үрээр утга санааны төвлөрөл, оновчтой дүрслэл, гүн ухааны аясаар баяжин, хэт хийсвэрлэл, тухайн үедээ найрагч өөрөө л мэдэрсэн гэмээр тодорхойгүй далд бэлгэдлүүдээ задлан шүлгийн санаагаа гүнзгийрүүлсэн нь түүний шүлэг бүтээлдээ хийж байгаа шинэчлэл юм.....

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор
Д.Галбаатар

...Мянган жилийн жаргал зовлонг зурах
Мэлтгэр хөх тэнгэрийн бийрийг хэн булаах вэ?
Үймээнт шүлэгчдийн шаналал тайтгарлыг бүтээсэн
Өрнө болоод дорнын бэхийг хэн найруулах вэ?....