“Би түүнийг “хэцүү нэрт” гэх бүлгээ. Учир нь түүний нэрний тал нь миний сүлдэн эцгийн минь нэрсэн билээ. Энэ хүмүүн яруу найрагт дорнолог уянга, дотоод найраг авчирсан нэгэн болой. “Явуу” найргийн салаа зандан модны нэгэн саглагар мөчир нь Бавуудорж юм. Тэр их өнгө, их ухааны хөрсөн дээр ургасан юм шүү” гэж Б.Лхагвасүрэн ахайтан үнэлсэн бол “Явуугийн нутгаас төрж, яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн авьяаслаг хөвгүүн тэрбээр
“Хүлэг дахин заяадаг цаст
мөнхийн нутаг сан
Хүмүүн зандан биедээ
хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
Билгүүн зандан биедээ хурмастын санааг санана” хэмээн цаглашгүйн их дуулалд нэгдэж байна. Энэхүү мөнхийн санаа нь яруу найргийн цастын гэгээн уянга мөн бололтой” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо номын өмнөтгөлд бичжээ. Түүний номынх нь дээжээс дор толилуулж байна.
Харсаар байтал
Харсаар байтал чиний дэргэдээс
Хачин тунгалаг хүн
Босоод явчихлаа
Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
Халуун зөнгөөрөө мэдэрч байна
Харсаар байтал чиний биеэс
Хачин гэрлэн бурхан
Хөөрөөд явчихлаа
Хаахна байсныг нь би мэдэхгүй ч
Хайран хүн гэж
Чамайг гэнэтэд өрөвдлөө
Харсаар байтал чиний нүднээс
Хачин болор загас
Халиад уначихлаа
Танхилхан чамайг гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа
Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ
Гээгдээд уначихлаа
Хорвоогийн салхис
Хоромхон зуур ухасхийгээд арччихлаа
Харсаар байтал харин чи…
Эрхиний бөөр
Эрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрийн босго намсах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Очирваань уулын цагаан үүл
Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг
Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.