Дэлхийн яруу найргийн ХХХ их хурал саяхан Тайвань улсад болсон билээ. Дэлхийн 40-д орны 500-гаад яруу найрагч
оролцсон тус их чуулганы хаалтын ёслол үзэсгэлэнт Номхон далайн хөвөөн дэхь Хуйлан хотын Буяныг дэлгэрүүлэгч уулын Соёлын төвд болсон гэнэ. Тус ёслол дээр Дэлхийн урлаг соёлын академи, Дэлхийн яруу найргийн их хурлын ерөнхийлөгч Францын яруу найрагч, доктор Маурус Янг Монголын яруу найрагч Ц.Бавуудоржид “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” /For poetic excellent/ алтан медаль, диплом гардуулж баяр хүргэсэн байна. Ц.Бавуудорж сүүлийн таван жил Дэлхийн яруу найргийн их чуулганд оролцож, бүтээлээ танилцуулж буй аж. Яруу найрагч Ц.Бавуудоржийн “A very big white elephant”, “When humans become grass”, “Eastern poems” зэрэг номууд нь англи хэл дээр “Un ojo en la palma de mi mano” ном нь испани хэл дээр орчуулагдсан юм. Ц.Бавуудоржийн шүлгүүд Харвардын их сургуулиас эрхлэн гаргадаг “The Harbard Advocete” сэтгүүл, “Орчин үеийн Азийн яруу найраг”, “The best American poetry” зэрэг дэлхийн нэр хүндтэй нөлөө бүхий сэтгүүл, антологит олонтаа хэвлэгдсэн.Дэлхийн урлаг соёлын академиас хүн төрөлхтний яруу найрагт шинэ залуу, онцгой яруу найргийг олж илрүүлэх хөтөлбөрийг дэвшүүлж байсан бол өдгөө авъяаслаг, ирээдүйтэй яруу найрагчаар Монголын яруу найрагч Ц.Бавуудорж, Хятадын яруу найрагч Вэй Та, Унгарын яруу найрагч Иштван Турци зэрэг таван яруу найрагчийг нэрлэжээ.Ийнхүү Отгонтэнгэрийн хүү Ц.Бавуудоржийн яруу найраг дэлхийн сонорыг мялааж Монголын яруу найргийн шинэ залуу үеийнхний дуу хоолойг дуурсгаж эхэлснийг энэ шагнал илтгэн харууллаа.