Лааны дууль

Усан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү
Чиний дэргэд...
Тэргүүн дээр минь
Бурхны амьсгалаас тасалж авсан мэт
Тэнгэрлэг жаахан шаргал дөл бий
Өөрийгөө олсон бясалгал минь тэр юм
Өндөр дээд чамайг гэсэн
Хайрлал минь тэр юм
Өөрийн эрхтгүй дотроос цацарсан
Ариусал минь тэр юм шүү
Хайрласаар...
Ариуссаар...
Бясалгасаар...
Усан болор зүрх
Уяралтайхнаар нэгэн шаргал гэрэлд эзлэгдэхэд
Мөнгөлөг тэр л лааны эзгүй суурин дээр
Мөнхийн ногоон хаг болох
Нэгэн эрвээхэйг хүлээнэ гэнэм
Усан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү би
Чиний дэргэд...