Нутаг

Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ арцны үнэр
Есөн өдөр биеээс минь анхилна
Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ сарны туяа
Есөн сар шүлэгнээс минь цацарна
Нутагтаа нэг очоод ирэхэд шидэт нэгэн тарни
Есөн жил зүрхнээс минь гэрэлтнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шижир алтан наранд нь
Есөн хүсэл, ганцхан төөрөг минь дулаацаад ирнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шүү...

Тунгалагын тухай шүлэг

Үхэл ирэхэд би тув тунгалаг болно
Үлдэж энэ орчлон манан дундаа умбана
Үр минь хүү минь харин тод тунгалаг төрнө
Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
Хоёр тунгалагын хоорондохыг
Хорвоо гэдэг юм даа
Хоёр тунгалагаас бусдад нь
Хонгор минь битгий итгээрэй

Дорнын хөх тэнгэр

Би дорнын хөх тэнгэр
Би адуу шиг босоогоороо унтдаг
Шувуу шиг сэрдэг
Бурхан шиг бодлогширдог
Би хөх тэнгэр..
Одогсдын толгой дээр сүүлчийн удаа адис өгдөг
Хөв хөх сударсан билээ би
Орчлонгийн зулай дээр айдас үргээн цагирагладаг
Цэв цэнхэр үнэгхэн билээ би
Мөнхийн усгүй энэ орчлонд
Хэлэх үггүй цөхрөхдөө би
Загас шиг дуугүй болсон
Мөнх бусын салхинд
Нандин бүхнээ алдаж хөхрөхдөө би
Өөрийгөө нууцлах болсон
Хүн биний
Хүчирхэг тэнэглэл
Өмнөөс цээргүй инээмсэглэхэд
Айн түгшдэг би
Хүнээс хүн зугтан гарч
Шүхрэн гэрэл бөхөх болгонд би
Алтан заадас бүхнээрээ шархиран өвддөг
Би дорнын хөх тэнгэр
Хорвоогийн явдалд ноолуулж налайсан
Хонин хөх энгэр юм би
Дорнын насыг харин өмгөөлж архирсан
Арслан хөх тэнгэр юм би
Ам дөрвөллжнийг энгэрээсээ тастан байж
Аяа хүн сүрэг чиний
Алтан хүйг чинь би боож авсан
Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би
Би дорнын хөх тэнгэр
Хөлөө цэцгэн өлзий ороож
Мутраа цээжин тус бадамлуулсан
Нүүдэлчний төрхтэй амгалан бурхан
Нүүрэн дээр чинь манхайж байна уу
Чамаас алсарч яваа
Аргадахын зөөлөн чинь би байна
Чамд алгадуулж суугаа
Хоргодохын хайлан бинь би байнаа

Цаг хугацааны хүлэг морьд

Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Цагаан сүүний зэрэглээт бүлтгэр жаахан гариг
Цэнхрийн дундаа мянган жил эргэлдэх үгүйг мэдэхгүй
Хөсөг нүүдэл цэнхэртсээр үгүйг үзэхгүй
Хүннүгийн нутаг дахиад мянган жил
Дуниартах үгүйг мэдэхгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Суут их газар шороон дээр мянган жил
Цуут хөвгүүд төрөхийг харахгүй
Сумбын ногоо дахиад мянган жил
Ургах үгүйг мэдэхгүй
Хичнээн бүсгүй үзэсгэлэнтэй төрж
Орчлонг шархлуулан зовоохыг бас үзэхгүй
Хээр талын алтан харгана тэр цагт
Сэрвийн гялалзахыг ч ажиглахгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Мянган жилийн жаргал зовлонг зурах
Мэлтгэр хөх тэнгэрийн бийрийг хэн булаах вэ?
Үймээнт шүлэгчдийн шаналал тайтгарлыг бүтээсэн
Өрнө болоод дорнын бэхийг хэн найруулах вэ?
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би