Сэтгэлийн аяз

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчингны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ

Цастын аяз найраглалаас хэсэглэв

...Хүдэнт бөмбөрцөгийн аясаар сумба наран цэцэглэнэ
Хүннүд биширч мөргөсөн цаст нутаг минь дуурсана
Будант бөмбөрцгийн аясаар сумба наран цэцэглэнэ
Буддад итгэж гэгээрсэн цаст нутаг минь дуурсана

Дээд хөхрөгчийн энгээр цаглашгүйн цадиг гэрэлтэнэ
Дэлхийн чимэг болсон гэгээн цаст минь дуралзана
Оройд хөхрөгчийн энгээр цаглашгүй цадиг гэрэлтэнэ
Орчлонгийн чимэг болсон гэгээн цаст минь дуралзана
Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутагсан
Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутагсан
Билгүүнд зандан биендээ хурмастын санааг санана
Айраг дахин шуугидаг цаст бумбын оронсон
Арвай зандан биендээ бурхны санааг санана
Уураг дахин бүрэлддэг цаст бумбын оронсон
Ургаа зандан биендээ бурхны санааг санана
Гөрөөс дахин янзагалдаг цаст бумбын оронсон
Гүргэм зандан биендээ мөрөнгийн санааг санана
Бүрээс дахин шинэддэг цаст бумбын оронсон
Бүтэн зандан биендээ мөрөнгийн санааг санана

Равжаа хутагтын нутаг

А.Эрдэнэ-Очирт
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана
Шувуун шандын хөх зэрэглээнд
Шунхан дэлт үүлс товолзоно
Галуун хүзүүтийн уран биелгээнд
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ
Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд дуниарч харагдана
Цагаахан үүлсийг энд үдсэн юм
Цасан будрахыг энд харсан юм
Намрын бороонд энд норсон юм
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм
Сархадын хатууг шимж дуулсан юм
Наран зүг саравчилж зогссон юм
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм
Амрагийн дууг энд зохиосон юм
Алтан биеийг энд орхисон юм
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм
Шингэн цэнхэр манан болсон юм
Амуу цагаан хяруунд хувилсан юм
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм
Бударганат говийн хөлгөн сударч
Усанд туссан сар байсан юм
Буурал дорнын монгол хутагт
Улаан гэрэлт луу байсан юм
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана

Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана

Аниргүйн эгшиг

Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо

Үргэлж би залуу явах юм шиг

Үргэлж би залуу явах юм шиг
Өнгө тунамал дарсанд даанч их шунах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өмсгөл цагаахан бүсгүйг эхнэрийнхээ оронд зүүдлэх юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өчнөөн сайхан хүмүүст сэтгэлээ хундагалж явах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өдний исгэрээтэй шүлгээр орчлонгийн сахлыг оролдох юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өвлийн цасны туяатай намрын үүдэнд гуних юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өр нимгэн цээжиндээ уйлан хайлан урсах юм
Үргэлж би залуу явах юм шиг
Өтгөн хар хөмсгөө бөмбөрцгөөс дээгүүр зангидах юм
Үргэлж би залуу явах юм шиг

Их хайрын дууль

Шинийн сарны асгарсан гэрэл доор
Хагацал гэдэг үгийг бид зохиосон
Шинэхэн цасны ариун будраан дунд
Гуниг гэдэг үгийг бас нээж олсон
Мөнхийн хутаг хайж гэнэнг бүтээсэн
Мөчир бүхнийг нь цантуулж их хайрыг уйлуулсан
Хайр дааж чадаагүй
Харанхуй түүхийг бид бүтээсэн
Их хайранд ташуурч
Эндсэн цадигийг бас бүтээсэн
Сайхан хайрыг бид уйлуулж жаргасан
Сар нарны хорвоог дааруулж амьдарсан
Их хайрыг бид сүйтгэж жаргасан
Энэ цэнхэр орчлонгоо гомдоож амьдарсан
Хан буурал хүмүүн төрөлхтөний
Сэтгэл унасан хяруу нүдэнд хөвсөн мананг
Мянгантаа арчин дуулав
ИХ ХАЙР...
Төмөр жарнуудын уй гуниг
Төгсөөгүй үлгэр бүхний дэргэд
Түмэнтээ сэмрэн шаналав
ИХ ХАЙР...
Эх газрын чулуун сарнай, балгад
Эрхэмсэг хаадын нууцлаг шаналан
Тангараг, алт, шүр, сувд
Таж махалын хүйтэн инээмсэглэл
Сүү, нулимс, сарны гунигаар
Сүлжиж урласан бидний хайр ийм дээ
Хээнцэр мөрөөдөл ихийг тээлгэсэндээ
Хэлтгий цэнхэр дэлхийтэй юм аа бид
хээрийн салхи шиг омголон амьдралтайдаа
Хэлтгий гэнэн дурлалтай юмаа бид
Чихээ дагасан нулимс жирэлзэнэ
Толгой нь үл үзэгдмой
Санчгаа дагасан хяруу гялтганана
Эзэн нь үл олдмой
Аяа ...
Алтанхан орчлонг хэн гийгүүлсэн юм бэ?
Агуу их хайр гийгүүлсэн юм
Алтанхан зуунуудыг хэн бүтээсэн юм бэ?
Агуу их хайр бүтээсэн юм
Алтанхан ургийг минь хэн хэлхсэн юм бэ?
Агуу их хайр хэлхсэн юм
Амгалан тавиланг минь хэн догдлуулсан юм бэ?
Агуу их хайр догдлуулсан юм
Амьдрал өөрөө ингэж дуурссан юм
Буцахын хаалгагүй орчлонгийн хатавчинд
Бууралтанхан суугаа ИХ ХАЙРЫГ өрөвдмой
Дорнын цуутай мөнгөлөг үдэш
Тал нутгийн нүүдэлчин Монголыг
Доголон нулимстай итгэлээр
Санаашран ширтэхэд нь шимширмой
Аяа...
АЛТАНХАН ОРЧЛОНГ ХЭН ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ?

Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу , хүн хоёроос өөр
Хөрстөд хэн ч сонсохгүй , сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр , тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаньюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихи хутагийн буурин дээр оцойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж улисан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ
Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурвэн зуун ясны мнь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина ...

Зохиролт сарнаа

Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд ер очмооргүй нэгэн хүслэн байна
Цаглашгүй ариун таалшгүй эрхэмсэг
Цангашгүй гунигт цамнашгүй гижигт
Залуу насыг чинь би таалмааргүй байна
Зөвхөн чамтай зөвхөн сартай
Зөрөг зам дээр би удмааргүй байна
Царай чинь харагдам хөл чинь үзэгдэм
Сарны тунгалагт би гунигламааргүй байна
Гэгээн зовлон ариун тавилангаа
Гэргийнхээ өмнө гэрийнхээ хойморь
Өрж орхиод
Цаст уулынхаа чулуугаар
Өөрийгөө зодож сууна би
Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд одоохон очмоор нэгэн хүслэн байна.

Монголын их хувь тавилан

Хүлэг морин хавартай хуурдаж гүйдэг монголсон
Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутагсан
Хар сүлдийг дурэлзүүлсэн дээдсийи алтан уулссан
Хаан буурал түүхийн утаа зуусан баринтагсан
Тэнгэрийн цэнхэрлэгт хун тайжийн санаашрал дуралзана
Тэнгэрийн цэнхэрлэгт Хулан хатангийн зүүд дуниартана
Тэнгэрийн цэнхэрлэгт өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Өэлүн ээжийн бүүвэй эгшиглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт алтан бумбатай сархад улалзана
Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл
Сангийн утаат хээр тал минь хээр тал минь
Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан
Эсгий гүрний хувь тавилан минь хувь тавилан минь
Гэсэр Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас
Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ
Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон
Хаш судрын магнайд алтан солонго татлаа
Хөхөмдөг ууланд саран тэргэлээр адуутай Монгол минь
Хөсөг нүүдлийн шаргал тоостой хувь тавилан минь...
МӨНХ ТЭНГЭРТЭЭ БАЙНА
Гүрвэлжин гоо хатан сарны цагаан туяагаар
Их хаадын зүрхэн дээр цэцэг зангидаж тоглосон
Монголын их хувь тавилан хээр талдаа байна
Гүнгэрваа дээд хурмаст цагаан тарнийн гэрлээр
Ижий хатдын хэвлийд цүү хаяж наадсан
Гүүний сүүгээр цэнгэдэг гүрний их тавилан

Нэгэн хавар

Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодоход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр ягаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ...

Хайрын романс

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
Нарийн цагаан хур хацар норгодог байлаа
Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа
Гогцоо гогцоо долгис цээжрүү урсдаг байлаа
Яруухан учралт газар цастын намар байлаа
Явуухулангийн нутаг цэнхэр манантай байлаа

Үүрийн шаргал туяанд чамайг дурсдаг байлаа
Үнэр ялдам цэцэгс анхил залуухан байлаа
Ус дамнасан бүсгүй цэнхэр дуу байлаа
Уулын морин харгуй буданд шургадаг байлаа
Од зүсэлсэн чи минь орь залуухан байлаа
Огторгуйн цагаан заадас зүрхэн дээр тусдаг байлаа

Навчис улаарах цагаар чамайг дурсдаг байлаа
Намрын цагаан хус түшиж суудаг байлаа
Цагны мөнгөн зүү чамруу заадаг байлаа
Цайвар сарны хөмсөг мөстөж хонодог байлаа
Хээрийн цагаан бороо сэтгэл норгодог байлаа
Хэвтсэн газрын өвс хуурай үзэгддэг байлаа

Цаст уулын намраар чамайг дурсдаг байлаа
Цармын цагаахан үдэш цэцгээр шуурдаг байлаа
Мартагдсан захидлын үгс дугтуйндаа гэрэлтдэг байлаа
Манан дундах сар марал шиг үзэгддэг байлаа
Нарны цэнхэр униар цээж дүүрдэг байлаа
Нандин залуу өдрүүд аяншиж буцдаг байлаа

Хангайн будант намраар чамайг дурсдаг байлаа
Харганын алтан үйсэнд саран шингэдэг байлаа
Орчих цагийн аяс сэвэгнэн үлээдэг байлаа
Одны гялгар туяа бодолд харвадаг байлаа
Үүрийн шаргал гэгээнд дуу зохиодог байлаа
Үеийн хонгор бүсгүйн мөрийг түшдэг байлаа

Уулын цагаан шөнөөр чамайг дурсдаг байлаа
Усанд үйсэн навчис мөнгөн бүрхүүлтэй байлаа
Хээр хөдөөгийн зам сэтгэлд дотно байлаа
Хяруу сүвлэсэн өвс хөх өнгөтэй байлаа
Дэнгийн шаргал туяа зүрхний дэргэд байлаа
Дэлхийн хөхөмдөг мандалд чамтай хоёулаа байлаа

Сөл тасрах цагаар чамайг дурсдаг байлаа
Сүрэг цэнхэр үдэш далласаар зөрдөг байлаа
Мөнхийн дурсамж бүтээсэн ариун учрал байлаа
Мөндрийн цагаан зурвас цайрсаар холддог байлаа
Хэн нэгэн бүсгүй дуулсаар буцдаг байлаа
Хэсэг цагаан манан сэтгэлд намарждаг байлаа

Цагаан өвс сэвэгнэхэд чамайг дурсдаг байлаа
Цасны будан хөшиглөсөн уулын намар байлаа
Цайвар үүлсийн нүүдэл цэнхэр хүрээтэй байлаа
Цамцны сувдан товч шинэхэн торгон дээр байлаа
Зүүрмэг шаргал орчлон цээжинд илхэн байлаа
Зүүдний шаргал хөндийд зөвхөн чи л байлаа

Аянч үүлс цавцайхад чамайг дурсдаг байлаа
Аясын хонгор салхинд сэтгэл ганхдаг байлаа
Дүрлэгэн алаг нүд зүрхэнд чимэг байлаа
Дүүрэн цагаан саран орчлонд хосгүй байлаа
Хөх өвс сэрчигнэх намарт дуртай байлаа
Хөнгөн шаргал үүлс чиний нутгийнх байлаа

Аниргүй гэгээн харцны чинь навчсыг би хөндөхгүй
Алтан бөмбөрцөг харцны чинь сартай зөргийг сэрээхгүй
Дотно урин сэтгэлийн чинь зандан балгаст зугаацахгүй
Долоон бурхан биеийн чинь мөнгөлөг гэрлийг нөмрөхгүй
Цэнхэр аадарт шөнөөр чамдаан би очихгүй
Цэлмэг үдшийн сарнаар чи минь наддаа ирэхгүй

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Яруу найрагч Ц.Бавуудоржийн тухай товчхон

Хангайн их уулсын дунд төрсөн, шүхрийн спортын мастер, сэтгүүлч мэргэжилтэй эгэл жирийн, олон таван үггүй, дүнсгэр энэ хүнийг Монголын сайн яруу найрагчдийн нэг гэхэд маргах хүн цөөхөн биз ээ. 1990 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж 1991 онд "Бүгээн анир", 1993 онд "Гүмүда", 1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрэнэ", 2000 онд "Тарнийн цагаан цэцэгт буюу Отгонтэнгэр", 2001 онд "Дорно аялгуу", 2002 онд "Амар амгалангийн яруу найраг", 2006 онд "Сарны шүлгүүд" зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ. Мөн тэрээр 1996 онд "Бүгээн анир" номоороо Гомбын Сэр-Одын нэрэмжит "Од" шагнал, 1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрнэ" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2001 онд "Хүрэл чоно" шүлгээр яруу найргийн "Болор цом" наадмын тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн юм. "Дөрвөн улирлын өнгө", "Намрын бороо", "Ээжтэй орчлон", "Тэнгэрийн бүсгүй", "Жаргаж гуних орчлон", "Алтанхан заадалт хүний орчлон" зэрэг 30 гаруй шүлэг нь дуу болжээ.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа, шүлэг яруу найрагт хайртай миний Монголынхоо ард түмэнд зориулан яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн өчүүхэн ч болтугай хэсгээс Цаст уулын цоморлиг хэмээн нэрлэсэн энэхүү блогоор дэлгэж байгаа билээ. Цаашдаа ч улам арвижан баяжих болно. Оюун сэтгэлийн уужим талбиун, ариун гэгээн амар амгалан эдлэх болтугай.
Дорнын бишрэлт наран бийрээр
Тэнгэрийн тарнийг газарт сийльюү
Догшин Очирваанийн очирт мутраар
Орчлонгийн сэтгэлийг ариусган ялъюу
Алтан хувьт монгол хэлээр
Хурмастын ерөөлийг шившин амилуульюу
Асралт Очирваанийн цагаан тарниар
Хүмүүний явдлыг хичээн гийгүүльюү /найрагчаас/